ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборыг өнөөдөр нээлээ.
Усан бассейн бүхий энэхүү спорт цогцолбор нь 2448 ам метр талбайтай, хоёр давхар барилга юм. Нэгдүгээр давхартаа олон улсын стандартад нийцсэн 25м х 8.8м хэмжээтэй, сэлэлтийн гурван замтай усан бассейн, багш нарын болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөтэй.
Хоёрдугаар давхарт олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спорт заалтай. Ингэснээр 23 дугаар сургууль нь усан спорт цогцолбор бүхий анхны улсын сургууль боллоо.
Цаашлаад Чингэлтэй дүүргийн ЕБС-иудийг усан бассейнтай болгохоор төлөвлөсөн бөгөөд 37, 39 дүгээр сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил үргэлжилж байна.
Тус бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Гэрэлтжин” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.