“Хүрээ” амаржих буюу Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн 150 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орлоо
						
					
							 
					
	
Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, амаржих газруудад их засвар, өргөтгөл хийх, эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгын хүрээнд Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил хийгдэж ашиглалтад орлоо.
 
Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү өргөтгөлийн шинэ эмнэлэгтэй болж байна. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт нийт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.
 
Эмнэлгийн барилга нь тэнхлэгээрээ 58.0м x 20.4м хэмжээтэй, зоорьтой 8 давхар байхаар төлөвлөж гүйцэтгэсэн.
Зоорийн давхарт: Эмгэг судлал, дезкамер, угаалгын хэсэг, аж ахуй, гал тогоо, хог хаягдлын өрөөнүүд,
1-р давхарт: Эмгэг судлал, тусгаарлах, онош зүй, яаралтай тусламж, аж ахуйн өрөөнүүд,
2-р давхарт: Амбулатори, биохими лаборатори, молекул биологийн лаборатори, нян судлалын лаборатори, удам зүйн лаборатори, аж ахуйн өрөөнүүд,
3-р давхарт: Нэгдсэн ариутгалын тасаг, эм хангамж, ганцаарчилсан төрөх өрөө, аж ахуйн өрөөнүүд,
4-р давхарт: Нэгдсэн мэс заслын тасаг, аж ахуйн өрөөнүүд,
5-р давхарт: Жирэмсэн ээжийн эмгэгийн тасгууд,
6-р давхарт: Нярайн тасаг, төрсний дараах тасгууд,
7-р давхарт: Эмгэг нярайн тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, аж ахуйн өрөөнүүд,
8-р давхарт: Дутуу тээлтийн тасаг, гал тогооны өрөөнүүд тус тус байхаар төлөвлөн гүйцэтгэсэн.
 
Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөр баян дэнж” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
 
 
  
  
  
  
  
  
 