 
					
	Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүүхдийн сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга угсралт, тохижилтын ажлын шавь тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.
Тус Хүүхдийн сэргээн засах төв нь эмчилгээ үйлчилгээний 80 ор бүхий хүчин чадалтай, зоорийн давхрын хамт нийт 6 давхар барилга, гадна авто зогсоол, явган хүний зам талбай, нийт эзэмшлийн талбайн 64 хувьд ногоон байгууламжийн хамт баригдахаар төлөвлөгдсөн.
“Эрүүл үрс” хүүхдийн сэргээн засах төв баригдсанаар 0-18 хүртэлх насны хүүхдүүд харьяалал харгалзахгүй сэргээн засах тусламж үйлчилгээг авах боломж бүрдэх юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024-2026 онд хэрэгжих тус барилгын ажлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, 2025 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй эхлүүллээ. 
  
  
  
 