Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран ажлын байршилд ажиллалаа.
Тус ажлыг “Эс Эм Жи Ти” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2025 онд ТЭЦ-III-ын уулзвараас Мишээл экспогийн уулзвар хүртэлх явган хүний зам, талбайн хучилтын ажлыг бүрэн дуусгасан.
Харин уг байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын трасстай давхцал үүссэнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газрын саналыг үндэслэн явган хүний замын ажлыг 2026 оны тавдугаар сар хүртэл түр хойшлуулаад байсан юм.
Улмаар 2026 оны тавдугаар сараас борооны ус зайлуулах шугам угсарсан хэсгүүдэд явган хүний замын хучилтын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн гүйцэтгэж эхэлсэн. Гэвч автозамын сэтэлгээний зөвшөөрөл хүлээгдэж байгаатай холбоотойгоор борооны ус зайлуулах шугамын худгийг холбох ажил түр саатсан байна. Үүний улмаас үерийн ус хуримтлагдаж, холбогдоогүй худгуудаар ус хальснаас явган хүний замын суурь хөрс усанд автаж, хэсэгчилсэн гулсалт, суулт үүсээд байна.
Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй хамтран ажлын байршилд ажиллаж, суурь хөрсийг шаардлагатай хэмжээнд нягтруулах, цаашид автозам болон явган хүний замд дахин суулт үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн тус байршилд хэрэгжиж буй явган хүний зам, талбайн тохижилтын ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байгаа бол борооны ус зайлуулах шугам угсралтын ажилд Нийслэлийн Замын хөгжлийн газар захиалагчийн хяналтыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
