Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 229-р тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1969 оны 392-р тогтоолоор Барилга захиалагчийн товчоо нэртэйгээр үүсэн байгуулагдсан.
Нийслэлийн хүн амын өсөлт, барилгын үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжилт, үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч бүтэц, орон тооны өөрчлөлтийг удаа дараа хийж, нэршил өөрчлөгдөж байсан хэдий ч “Барилга захиалагчийн хяналт” гүйцэтгэх үйл ажиллагааны үндсэн чиглэл алдагдаагүй ирсэн билээ.
Тус газар нь Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр Нийслэл хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн багтайгаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласны дор үйл ажиллагаа явуулж байна.
АЛСЫН ХАРАА:
“Олон улсын түвшинд нийцэхүйц зөвлөх үйлчилгээ үзүүлэх манлайлагч байгууллага болно”
ЭРХЭМ ЗОРИЛГО:
“Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно”
ҮНЭТ ЗҮЙЛС:
– Бид бүтээлч, ил тод, хууль дээдэлдэг байна
– Бид ёс зүй, шударга, нээлттэй байна
– Бид мэдлэг, чадвартай хамт олон байна
– Бид хамтын ажиллагаатай байна