 
					
	Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-н барилгад их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж дуусаад байна.
Тодруулбал: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн блок 6-2 буюу Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн зоорийн давхар, техникийн давхартай нийтдээ 4 давхар, 3555м2 барилгын их засварын ажил хийгдлээ.
Тус засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулж дууслаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг “Өлзий иш” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Онон бридж” ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
 
  
  
 