• 2020-10-27 / Мягмар гариг /

“ИХ ТОЙРОГ” ТӨСЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ УДАХГҮЙ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО

: 2020-05-29 17:38:18

Улаанбаатар хотын “Их тойрог” төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 97 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамын 220/110/35 кВ-ын 1 станц, 110/35/10 кВ-ын 2 станц ашиглалтад хэдийнэ орсон бөгөөд энэхүү төслийн 220 кВ-ын “Сонгино” дэд станцаас 110 кВ-ын “Зайсан” дэд станц хүртэлх 110 кв-ын 44 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил 2012 оноос эхлэн хэрэгжсэн юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 5, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх ажил газрын маргааны улмаас зогсож, санхүүжилт бүрэн шийдэгдээгүйн зэрэгцээ тус төслийн ажил олон жил царцаж хоцрогдолтой явж байсан. 2019 оноос талууд эвлэрлийн гэрээ байгуулахаар зөвшилцсөний дүнд ажил үргэлжлэн Зайсанд 1.2 км үргэлжлэх таван тулгуур ажил гүйцэтгэгдэн дуусч өнөөдрийн байдлаар уг төсөл 90 хувьтай хэрэгжиж байна.
Одоо байгаа 110кВ-ын дэд станцууд 95-100 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа ч Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрч байна.  “Их тойрог” төслийн дэд бүтцийн ажил бүрэн дууссанаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамж дээшилж, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны хорооллын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг хангах бүрэн боломж нээгдэх юм. Түүнчлэн энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор хүлээгдэж буй дараах томоохон ажлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой юм. Үүнд:
1. Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах 100 000 айлыг орон сууцжуулах төсөл.
2. Өмнөговийн цахилгаан эрчим хүчийг найдваржуулах ажил (600 гаруй км агаарын шугам бэлэн болсон)
3. Шинээр баригдаж байгаа 300 ортой хүүхдийн төрөх эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг.
4. Олон Улсын шинэ нисэх онгоцны буудал
5. Төв цэвэрлэх байгууламж гэх мэт томоохон төслүүд ашиглалтад орохоор хүлээгдэж байна.
Тус ажлыг 2020 оны 07 дугаар сарын 30-нд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд 110 кВ-ын 1.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажилласан ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, ЦДҮС ТӨХК, УБЦТС ТӨХК, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нарт гүн талархал илэрхийлж байна.
Мөн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газраар дайран гарсан боловч улсын чанартай мега төслийн угсралтын ажлыг саадгүй гүйцэтгүүлж дэмжин ажилласан “Гобиресурс хилл” ХХК, “Содон санаа” ХХК, “Улиастай чулуу” ХХК, “Грейт чэнс” ХХК, “Хайланд трейвэл” ХХК зэрэг компаниудын удирдлагуудад гүн талархал илэрхийлье.





 
Top