• 2020-10-27 / Мягмар гариг /

"УРТ ЦАГААН” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

: 2020-05-22 17:51:09

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
Уралдаанд ирүүлсэн эдгээр бүтээлүүдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудас болох  www.uda.ub.gov.mn-д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан бөгөөд өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг нь гардууллаа. Шагналыг НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байдлаар болон иргэдийн зүгээс хамгийн их санал авсанаар шалгаруулжээ.


Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл, 20 сая төгрөгийн батламжийг гардан авлаа. Хоёрдугаар байранд “Маза Эм эй Зэйт Эй” гуравт “Монгол Архитектур” ХХК-ийн бүтээлүүд шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн зураг төслийн уралдаанд идэвхи санаачилгатай оролцож, мэргэжлийн ур чадвар үзүүлж шилдэг санаа үзүүлсэн хоёр багт Талархалын бичиг гардуулав.

Хоёрдугаар байранд шалгарав
Гуравдугаар байранд шалгарав

“MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулагдсанаар төсөөлж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй байх. Нэг хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” хэмээн хэллээ.
Top